RSS

МТ-ийн салбарын сайн удирдагч байх

07 Aug

Мэдээллийн технологийн үр ашигтай хэлтэс байгуулах тухай, удирдагч хүний баримталбал зохих 12 энгийн дүрэм.
“Төсөл аяндаа нурчихдаггүй, түүнийг хүмүүс л нураадаг” гэсэн энэ л үгэнд төслийн аливаа удирдагч, менежерт тулгардаг асуудлуудын мөн чанар төвлөрч байдаг. Ихэнх төсөл санхүүжилт, ажиллах хүч, гүйцэтгэх хугацаагаар үргэлж дутагддаг бөгөөд энэ бүгд азгүйдлийн шалтгаанууд юм. Мэдээж төсөл өөрөө үүлнээс бий болоогүй, өөрөө хэрэгжчихдэггүй, хэн нэгэн түүнийг боловсруулж, санхүүжилтийг нь хангаж, гүйцэтгэх баг хүмүүсийг олж, хэрэгжүүлэх шаардлагатай. Багт орж байгаа хүмүүс төслийн амжилтыг (эсвэл уналтыг) хариуцна.
Энд төсөл удирдахад зориулан барууны нэрт шинжээч Сюзан Сандеккерийн “Мэдээллийн технологийн төслийн багийг удирдах нь” гэсэн номын үндсэн санааг өгүүлье.
Та бидний хэн нь ч давтагдашгүй бөгөөд өөрийн өвөрмөц ертөнц, ертөнцийг үзэх үзлээ тухайн ажиллаж байгаа багтаа шингээж байдагт амьдралын мөн чанар оршдог. Аливаа ажил үр дүнд хүрэх эсэх нь л чухал бөгөөд энэхүү ажлаасаа хүн таашаал авч байх ёстой. Иймээс аль болох бага хүчин чармайлт гаргаж, тухайн багийн гишүүн бүрээс аль болох их зүйл авах нь удирдагч хүний зорилт юм.
“Хүчээр бус, ухаанаараа илүү ажилла” гэсэн эртний зүйр цэцэн үгийг энд санахад илүүдэхгүй. Дараах энгийн хэдэн дүрмийг баримтлах аваас амжилтанд хүрэх таны замыг хөнгөвчлөх болно.
1-р дүрэм. Багийн бүрэлдэхүүн нь тавьсан зорилгод тань нийцэж байна уу гэдгийг магадла
Багийг өндөр бүтээмжтэй байлгахын тулд амьдралын янз бүрийн түүх намтартай, ажиллах арга барил, чадвар, туршлагаар өөр өөр хүмүүсийг багийн бүрэлдэхүүнд оруулах хэрэгтэй. Багийн бүрэлдэхүүн хэт нэгэн төрлийн байх нь сэтгэн бодох идэвхийг бууруулах, хүмүүс бүгдийг нэг л янзаар харснаас болж алдаа гаргах, хаях орхигдуулах явдал олонтаа гаргахад хүргэдэг байна. Иймд багтаа сонирхлын өөр өөр бүлгээс ажлын янз бүрийн арга барил, туршлага, авъяас бүхий (үйлчлүүлэгч, хэрэглэгч, менежер, чанарын шинжээч, тоног төхөөрөмж, програм хангамж болон тестийн мэргэжилтэн г.м.) хүмүүсийг татан оруулахыг эрмэлзвэл зохино. Янз бүрийн хүмүүс байх тусмаа илүү үр дүнтэй. Иймд шаардагдах чадвар бүхий хамгийн сайн тохирох хүмүүсээр багаа бүрдүүлэх нь чухал.
2-р дүрэм. Төслийн болон багийн зорилгыг нарийвчлан тодорхойл
Өндөр бүтээмжтэй баг амжилттай ажиллахын үндэс нь зорилгоо сайтар ойлгох явдал. Төсөл, төслийн зорилгыг нарийвчлан тодорхойлсноор багаас юу хүсч, үндсэн ямар үр дүнгүүд хүлээгдэж байгааг баг сайтар ойлгож, үүний үр дүнд төсөл хавьгүй илүү амжилтанд хүрдэг байна. Олон газраас хүмүүс оролцсон багийн хувьд дэлхийн өнцөг булан бүрт байгаа гишүүддээ амжилттай хоршин ажиллах боломж олгож, нэгэн зорилгод хүрэхэд энэ нь бүр ч их ач холбогдолтой.
3-р дүрэм. Ажилтан бүрийн үүргийг нарийвчлан тодорхойлж, онцлох авъяас чадварыг нь дэмж
Багийн гишүүн бүр баг доторхи өөрийн онцгой үүргийг ойлгосон байх ёстой. Бодит байдалд эдгээр үүрэг нь хувь хүн бүрийн авъяас чадварыг нээж ашиглах хөшүүрэг болж байдаг. Хэрэв хүн тааламжтай нөхцөл байдалд ажиллах юм бол илүү үр дүнд хүрдэг байна.
Ямар ч төсөл нь тухайн ажилтанд судлах сурах, шинэ ур чадвар эзэмшиж хөгжих сайхан боломж олгодог. Тийм ч учраас багийн дотор эзлэх байр суурь нь энэ боломжийг төдийгүй шинэ хүмүүстэй холбоо тогтоох боломжийг багийн гишүүн бүрт олгож байх ёстой.
4-р дүрэм. Гишүүн бүрийн багийн өмнө хүлээх хариуцлагыг нарийн зөв тодорхойл
Багийн гишүүн бүр багийн өмнө өөрийн хүлээх хариуцлагыг нарийн тодорхой ойлгосон байх нь тун чухал. Багаар гүйцэтгэх ажил бол нийтийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хувь хүн бүрийн хамтын ажиллагаа болж байдаг. Багийн гишүүд нэгэн бүхэл цул мэт байж, тулгарч байгаа асуудлуудыг тодруулах төдийгүй багийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж ажиллах шаардлагатай.
5-р дүрэм. Тодорхой үр дүнд чиглүүлэн ажлаа зохион байгуул
Өндөр үр ашигтай ажилладаг багуудын хувьд тэднээс ямар үр дүн хүлээж байгааг сайтар ойлгосон байдаг. Нарийн зааглаж томъёолсон зорилтууд нь хүн бүрт юуг хэрхэн яаж хийх ёстойгоо ухамсарлахад нь тус болно. Ажлаа нарийвчлан сайн тодорхойлж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн үед л чанартай болдог. Иймд зорилгоо чанартай зөв тодорхойлох явдал таны төслийн ажлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
6-р дүрэм. Багийн соёл, түүний өвөрмөц дүр төрхийг тодорхойлохын тулд нэгэн баг мэт нэгдэж ажилла
Төслийн олон менежер багаа тодорхой нэг ажлыг хийх гэж түр зуур цугларсан хүмүүс мэт үздэг. Үнэндээ тийм боловч багийн гишүүн бүр ямар нэгэн бүхэл бүтэн юмны нэг хэсэг гэдгээ мэдэрч, баг бүлгийн холбоо харилцаа, хамт олны соёлыг бий болгосон цагт аливаа баг илүү үр дүнтэй ажилладаг байна. Чухам хамт олон дотор л (ажлын болон ажлын бус орчин нөхцөлд) бий болдог бие биеэ таних боломж нь төслийг амжилтанд хүргэхэд чухал тэр харилцан холбоотой байдлыг зохион байгуулахад тус болдог.
Танд багийн уур амьсгал, хамт олны “сэтгэл санааг” бүрэлдүүлэн бий болгоход бүтээлчээр хандах боломж бий. Тухайлбал, багтаа нэр өгч, багийн нэр, лого тэмдэг бүхий майк хийлгэж, өглөөний цай өдрийн хоолонд бүгдээрээ хамт орох гэх мэтээр өндөр үүрэгтэй баг бүрдүүлэхийн тулд бүхий л боломжит аргуудыг хэрэглэ.
7-р дүрэм. Аливаа маргааныг шийдэх, стратегиа боловсруулахын тулд нэгэн баг мэт нэгдэж ажилла
Аливаа багт маргалдах, ямар нэг асуудалд орох явдал зайлшгүй тохиолдоно. Ингэхэд шүүн хэлэлцэхийг урьтал болголгүй баг бүлгээрээ хамтраад үүсэн бий болсон асуудал, маргааныг шийдэх стратегиа бий болгох хэрэгтэй.
Үүний тулд багтаа бүх л соёлын болоод насны, ажил үүргийн ялгаатай байдал бий болгохыг эрмэлзэх төдийгүй энэ бүхнийг тооцож үзэх шаардлагатай болно. Өнгөц харахад маргааныг шийдэх шилдэг санаа мэт санагдсан ч олон янзын соёл, насны зөрөө бүхий танай багийн хувьд яагаад ч хэрэглэж болохооргүй шийдэл бас байдаг.
8-р дүрэм. Баг бүлгийн дотор эелдэг, хүндэтгэлтэй уур амьсгал бүрдүүл
Төслийг маш хурдан эхлэх буюу дуусгах шаардлагатай үед эелдэг, хүндэтгэлтэй байдлыг мартах тохиолдол гардаг. Үйлдвэрлэлийн бодлого, асуудлууд олноор овоорч дарамтанд орсон тохиолдолд бид заримдаа биеэ зөв авч явахаа умартах нь ч бий.
Төслийн менежер, эсвэл МТ-ийн хэлтэс нэгжийн даргын албан тушаалд байгаа Таны хувьд ажиллах хэв маяг, арга барилаа тогтох зорилт тулгарна. Хэрэв Та хүндэтгэлтэй, сайн сайхныг хүссэн уур амьсгал бүрдүүлж чадах юм бол танай багийн гишүүд маш сэтгэл хангалуун ажиллах болно
Багийн дотор бүх зүйл үнэн зөв, хүндэтгэлтэй хийгдэж байгаа гэдгийг багийн гишүүд мэдэж байх явдал нь төслийг амжилтанд хүргэхэд чухал хэрэгтэй аливаа санал бодол, эсрэг тэсрэг мэдээллүүдийг ч ил тод ярьж хэлэлцэхэд тустай.
9-р дүрэм. Хувь хүний болон багийн ололт амжилтыг хүлээн зөвшөөр
Хүлээн зөвшөөрөх гэдэг нь аливаа хүн хийж байгаа ажлаасаа таашаал авах мэдрэмж төрөхөд тусалдаг чухал агшингуудын нэг юм. Энэ бол хүний нийтлэг хэрэгцээ, тийм ч учраас соёлын болон насны зөрөө нь хоёрдугаарт тавигддаг. Харин ингэж хүлээн зөвшөөрөх явдлаа хэрхэн илэрхийлэх нь соёлын болон насны хүчин зүйлүүдээс хамаарч байдаг байна.
Таны мэдэж байгаачлан зарим соёл нь баг бүлгийн үнэт зүйлд чиглэх бөгөөд таны хувьд хүн бүртэй тусад нь буюу эерэг болон сөрөг мэдээлэлтэй харьцах нь түүний хувьд ч, бүтэн багийн хувьд ч гэсэн маш азгүй байж болох юм.
Бүх л аргаа хэрэглэн ололт амжилтуудаа онцлон харуулахыг хичээ. Хамгийн гол нь хүлээн зөвшөөрүүлэх явдал л чухал.
10-р дүрэм. Багийнхаа цагийг үр ашигтай удирдан зохицуул
Танай төслийн багийн дэмий цаг үрсэн гэж үзэхээр хичнээн уулзалтанд Та очиж байсан бэ? Тоолохын ч аргагүй… Харамсалтай нь олон ч төслийн менежер (өөр бусад менежерүүд ч гэсэн) хамт ажиллагчдынхаа цагийг үр ашиггүй зарцуулснаар тэдгээр хамтрагчид нь багийн зөвлөгөөнөөс гарч явах, бүр ирэхгүй болох ч тохиолдол байдаг. Уулзалтын сэдвийг урьдчилан тогтож, бүгд энэ тухай мэдсэн эсэхийг магадлах хэрэгтэй. Мөн хүн бүр болох гэж буй уулзалтанд гүйцэтгэх үүргээ (илтгэл тавих, дүн шинжилгээ хийх, асуудал шийдэхүйц санаа дэвшүүлэх г.м) мэдсэн эсэхийг лавласан байх шаардлагатай. Уулзалт цагтаа эхэлж, дуусч, төлөвлөсний дагуу болж байгаа эсэхэд анхаарах ёстой. Уулзалт болохоос өмнө буюу хойно хүмүүстэй уулзаж ярилцах цаг хугацаа гаргахыг эрмэлзвэл зохино. Харин уулзалтын үеэр хэрхэвч болохгүй.
Хэрэв төслийн багтай буюу аль нэг гишүүнтэй уулзах уулзалтыг нарийвчлан тогтсон, ойлгож ухамсарласан, үр ашиг өгөхүйц бол хүмүүс заавал ирж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болно. Энэ бүх бэлтгэл Танд дасал болоогүй мэт санагдах ч сайн хөтлөгчтэй байснаар аливаа зөвлөгөөн хичнээн үр ашигтай болдгийг Та хараад гайхах болно!
11-р дүрэм. Харилцах дүрмээ тодорхойл
Харилцах дүрмээ тодорхойлох явдал нь баг өндөр үүрэгтэй ажиллахын бас нэг чухал тал юм. Удирдагч хүнд өөрийн гэсэн дүрэм байж болно. Энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ Та заавал юу нь ухаалаг, юу нь хэрэглэж болохуйц гэдгийг багтайгаа шүүн хэлэлцэх ёстой. Зарим компани цахим шууданд хэдэн цагийн дотор хариу өгөх ёстой гэж үздэг байхад зарим компани ойрын нэг хоёр долоо хоногтоо хариу ирэх ёстой гэж үздэг байна. Соёлын болон насны ялгаа, түүнчлэн янз бүрийн цагийн бүсийг тооцож үзэх ёстой. Тухайлбал, багийн зарим гишүүд амралтын өдрөөр цахим шуудангаа шалгаж, хариу өгөх (хэрэв онцын шаардлагагүй бол) тийм ч дуртай биш байхад нөгөө хэсэг нь харин ч амралтын болон баяр ёслолын өдөр корпорацийн компьютерийн сүлжээнд шөнө дөлөөр орж “судсыг нь тэмтрэх” дуртай байдаг. АНУ-аас өглөөний 8 цагт цахим захиа илгээхэд өөр улсын хүлээн авагч этгээдэд ажлын цаг дууссанаас хойш очих буюу маргааш өдөр нь болтол захианыхаа хариуг авч чадахгүй байж болно. Тодорхой тогтсон цаг хугацаанаас гадна танай бaгийн гишүүдэд бие биетэйгээ харьцах тодорхой тогтсон дүрэм байх ёстой. Үүнд, хэр зэрэг олон уулзаж байх, утсаар ярих ёстой юу, сүлжээгээр дамжуулан харьцах уу, дүрст бага хурлаар уу, биеэр ганцаарчлан уулзах уу гэх мэт.
12-р дүрэм. Бодит хугацааны агшинд харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд дэвшилтэт технологи нэвтрүүл
Өндөр үр ашиг бүхий багт үйлдвэрлэлийн явц, амжилтанд хүрэх замд тохиолдох саад бэрхшээлийг зайлуулах талаар ажиллаж чадах тэргүүлэгчид ямагт байдаг.
Багийн гишүүд хоорондоо хугацааны бодит агшинд харилцах, хамтран ажиллах явдлыг хөгжүүлэн дэмжих технологийг боловсронгуй болгох, нэвтрүүлэхийг эрмэлзсэнээр нийтийн амжилтанд асар их нөлөө үзүүлж болох юм. Байгаа багаж хэрэгслийг ашиглах нь танай стратегийн нэг хэсэг байж болох ч шинэ хэрэгсэл ашиглах шаардлага гарч болно. Танай багийн ашиглаж байгаа багаж хэрэгсэл бүх хүмүүст хүртээмжтэй эсэхэд итгэлтэй байх ёстой. Танай багийн нэг хэсэг нь видео хуралд оролцох боломжтой байхад нөгөө нэг хэсэг нь оролцож чадахааргүй байх юм бол энэ нь бүх багийн холболт, синхрон байх явдалд асуудал үүсгэнэ. Өнөөгийн “нэгдсэн” ертөнцөд бид бүгд цахим шуудан, телефон утас, интернет холболттой байхыг хүсдэг ч эдгээр бүх боломж тэр болгон хаа сайгүй байж чадахгүй байна. Хэрэв танай багийн нэг ажилтан үндсэн ажлын байрнаасаа алс хол ажиллаж байгаа тохиолдолд багийн бусад гишүүд шиг холбогдон нэгдэнэ гэж бүү бод. Иймд харилцаа холбоо үр дүнтэй байхын тулд ямар технологи ашиглах вэ гэдгээ үнэлж үзэх шаардлагатай.
Дүгнэлт
Ажиллах янз бүрийн арга барил, хэв маягт дассан, янз бүрийн хэлтэй, янз бүрийн соёлд бүрэлдэж бий болсон, янз бүрийн насны бүлэгт хамаарах хүмүүс байгаа тохиолдолд төслийн багийг удирдах нь илүү төвөгтэй хэцүү болдог. Бид компаниа глобал зах зээл дээр өрсөлдөх байдлаа хадгалахад нь туслахын тулд дэлхий даяар тархсан хүмүүстэй цаг хугацааны бодит агшинд холбогдож ажиллан үр дүнг нь гаргаж байх шаардлагатай болж байна.
МТ-ийн төсөл удирдах нь хүнээс тодорхой өргөн хүрээний гүнзгий ур чадвар шаардах бөгөөд түүний дотор бизнесийн салбарт ажиллах авьяас шаардсан хэцүү ажил юм. Төслийн менежерийн албан тушаалд ажиллахдаа Та хүмүүсийг бага ч гэсэн илүү ойлгохыг хичээх аваас хавьгүй илүү амжилтанд хүрэх болно.
Эцсийн эцэст Та МТ-ийн мэргэжилтэн учраас хамгийн орчин үеийн технологи байсан ч учрыг нь олж чаддаг гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ юу чухам хүмүүсийг ажиллуулж, тэднийг хэрхэн яаж хамгийн зохистойгоор ажиллуулах вэ гэдгийг ойлгоно гэдэг бол авьяас бөгөөд үүнийг МТ-ийн ертөнцөд ихэнхдээ үл тоомсорлодог билээ. МТ-ийн төслийн менежерээр ажиллахад Танд хүмүүсийг багийн үйл ажиллагаанд татан оруулах, тэдний төсөлд татагдан ажиллах явдлыг дэмжин хөгжүүлэх арга замыг олох явдал зайлшгүй тулгарна. Энэ бүхнийг Та ихэвчлэн багийн гишүүдээ албадан захирахгүйгээр хийх шаардлагатай болно. Эцсийн дүнд үнэн хэрэгтээ баг сайн ажиллах бодит шалтгаан болох багийн гишүүдийн ажиллах хэв маяг, арга барил, тэдний соёлын болоод насны ялгааг ойлгох нь Танд өрсөлдөгчөөсөө түрүүлэхэд тусалж, амжилтанд хүрэх сайхан эхлэл болно.

Таалагдав:
http://www.kt.mn-ээс😛

 
3 Comments

Posted by on August 7, 2009 in Mongolia

 

Tags:

3 responses to “МТ-ийн салбарын сайн удирдагч байх

  1. Батбаяр

    August 19, 2010 at 5:34 pm

    Дажгүй нийтлэл байна, би KT сэтгүүл уншдаггүй, twitter-ээр чинь олж уншлаа.

     
  2. bokhoo

    September 5, 2009 at 6:59 pm

    what?

     
  3. delger

    September 4, 2009 at 10:53 pm

    see my projects web site.

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: